1. Түнэр харанхуй гараг TrES-2b
Энэхүү TrES-2b нь одоогоор хүн төрөлхтөнд мэдэгдэж буй хамгийн харанхуй гараг бөгөөд гэрлийн нэг хүрэхгүй хувийг л ойлгодог байна. Нүүрснээс ч илүү хар бодисуудаас тогтсон гэх бөгөөд бидний мэдэх ямар ч хар бэх хар будгаас хар гэсэн үг л дээ. Уг хачирхалтай бөгөөд харийн гэмээр гараг нь манай дэлхийгээс 750 гэрлийн жилийн зайд оршдог аварга хийн гараг юм. Төвийн одтойгоо тун ойрхон зайд байрладаг тул түүний гадарга нь 1100 Цельс хүртэл халж, улмаар түнэр харанхуй дундаас улаан өнгөөр туяарч харагддаг нь яг л тамын үүд гэлтэй.
2. Очир эрдэнийн гараг 55 Cancri e
Анх 55 Cancri e -ийг эрдэмтэд очир эрдэнийн гараг байж болзошгүй хэмээн үзэж байжээ. Массын ихэнх хувийг нүүрстөрөгч эзэлдэг бөгөөд маш өндөр нягттай тул өөртөө их хэмжээний бал чулуу ба очир эрдэнийг агуулах өндөр магадлалтай хэмээн үзэж байсан байна. Одоогоор энэхүү таамаг эрдэмтдийн дунд тийм ч алдартай байхаа больсон боловч, үнэхээр огторгуй дахь нэгэн алмаасан шигтгээ мөн байваас түүний үнэ цэнэ 35 оронтой тоогоор хэмжигдэх үнэ /дэлхийн ханшаар/ хүрэх боломжтой хэмээсэн байна.
3. Шатаж буй мөсөн гараг Gliese 436 b
Энэхүү өвөрмөц содон гараг маань манай дэлхийгээс 30 гэрлийн жилийн зайд оршдог. Эрдэмтэд юун түрүүнд Gliese 436 b нь төвийн одтойгоо маш ойрхон /ердөө 2 өдөрт төвийн одоо тойрдог/ халуун гараг гэдгийг нь мэдэж байв. Гадаргын температур нь Цельсийн 400-500 градуст хүрдэг. Ихэвчлэн үүнтэй төстэй гарагууд нь өөртөө их хэмжээний метан агуулдаг боловч судалгаагаар байх ёстой хэмжээнээс 7000 дахин бага метан агуулж буй нь тогтоогдсон тул эрдэмтдийг гайхшралд оруулжээ. Ингээд уг гараг нь их хэмжээний мөснөөс тогтсон байж болох юм гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Гэтэл мөсөн гараг маань хэрхэн Цельсийн 400-500 хэмд хайлахгүйгээр хатуу төлөвөө хадгалан оршиж байна вэ? Шалтгаан нь гадарга дээр оршиж буй мөс нь бидний мэдэх энгийн мөснөөс ондоо Ice X /Мөс 10/ хэмээх мөснөөс тогтсон явдал юм. Түүний хүчтэй гадаргын таталцалтай болон өндөр температуртай холбоотойгоор их хэмжээний даралтаас үүдэн гадаргын ус нь хатуу төлөвт шилжсэнээс Ice Х үүссэн байх хэмээн таамаглаж байгаа юм байна.

4. Хуульд захирагдах дургүй гараг Wasp 17 b
Wasp 17b нь бидэнд мэдэгдэж байгаа хамгийн аварга гарагуудын нэг бөгөөд маш бага нягттай /0.08- 0.19 g/cm3/ хийн гараг юм. Хэрвээ үүн шиг хэмжээтэй аврага том усан сан олдох аваас түүн дээр хөвөн шиг л хөвөхөөр нягт багатай гэж төсөөлж болно шүү. Хэмжээгээр Бархасбадиас 2 дахин том боловч массыг хувьд 2 дахин бага байгаа нь тухайн үедээ эрдэмтдийг шагшруулж байв. Яваандаа энэхүү үзэгдэл нь төвийн одтойгоо хэт ойроос шалтгаалан гадаргын температур нь маш өндөр байгаагаас үүдэж байж болзошгүй хэмээн таамаглах болсон юм. Гэтэл гагц энэхүү чанар нь хүмүүсийн анхаарлыг татсан юм биш л дээ. Аварга том хийн гараг маань төвийнхөө одыг одоогоор мэдэгдэж буй бусад бүхий л гарагаас эсрэг чиглэлд тойрдог нь мэдэгдсэн юм. Одоог хүртэл эрдэмтэд энэхүү үзэгдэл чухам юунаас үүдэн гарсныг нь баттай тайлбарлаж чадаагүй. Хамгийн алдартай таамаглалд ямар нэгэн гуравдагч биетийн нөлөөллөөр тойрог замаа өөрчилсөн гэх теоремууд багтаж байгаа юм.
5.Харийн амьдрал оршин байж болзошгүй Teegarden b
Энэхүү гараг хачирхалтай 5 гарагийн жагсаалтад багтаж буй нь гаж харь гэхээсээ илүү харин ч бидний мэддэг зүйлүүдтэй ихээхэн төстэй тул багтаж байгаа билээ. Дэлхийтэй төсөөтэй байдлын индекс нь 0.95 буюу одоогийн байдлаар мэдэгдэж байгаа хамгийн дэлхий шиг гараг юм. Манай гарагийн массаас яльгүй их масстай, чулуулаг гадаргуугаас тогтдог бөгөөд дунджаар Цельсийн 28 хэм дулаантай /60 хувийн магадлал 0-50 Цельсийн хооронд хэлбэлзэнэ/. Ус байж болзошгүй ба төвийн од нь тогтвортой гэх мэт амьдралыг тэтгэхүйц олон чанарыг өөртөө хадгалж байгаа юм. Дэлхий сөнөөд өөр нэгэн гараг дээр шинэ амьдралыг эхлүүлье гэхэд хамгийн боломжит хувилбар гэж бичээч би хувьдаа үзэж байна. Мэдээж 12 гэрлийн жилийн зайг туулаад мөн түүн дээрх байж болзошгүй амьдрал оюун ухаантай дасан зохицож чадах юм бол шүү дээ.
Дээрх бүхий л зураг нь төсөөлөл /impression/ гэдгийг та бүхэн анхааралдаа авна буй за.
No comments