В.В. Ерофеев – Москва – Петушки

Share:
Хорьдугаар зууны Оросын постмодернист зохиолчдын томоохон төлөөлөгчдийн нэг Ерофеев Венедикт Васильевич нь 1938 онд Норвеги, Финлянд улсуудтай хиллэж байрладаг Мурманскийн хэсэг газарт орших Кандалакша гэх жижигхэн хотод төрсөн. Дунд сургуулиа төгссөний дараа олон их сургуулиудад элссэн ч бүгдээс нь “хөөгдөж” байсан аж. Тэрээр амьдралынхаа туршид хамгаалагч, ачигч, кочегар гэх мэт ажлуудыг хийж байсан ба цахилгаан станцад ажиллаж байхдаа өөрийнхөө хамгийн алдартай зохиол болох “Москва – Петушки” -г бичсэн түүхтэй.

“Москва – Петушки” -зохиол нь 1969 оны намар бичигдсэн боловч Москва хотноо 1988 онд анх хэвлэлтээс гарч уншигчдад танигдсан. Дэлхийн гуч гаруй хэлнээ орчуулагдсан бүтээл. 1973 онд Израильд, 1977 онд Парис хотноо орчуулагдан хэвлэгджээ. Сонирхолтой нэгэн баримт хэлэхэд, энэ зохиол нь 1970 онд хагас литр архины үнэтэй тэнцэх үнээр буюу 3 рубль 62 копеекээр 1990 онд зарагдаж байжээ. 20-р зууны 2-р хагаст ЗХУ -д постмодернизм гэх төрөл үүссэн гэж үздэг ба энэхүү зохиолыг сонгодог гэж тодорхойлдог байна. Мөн Оросын ахлах ангийн сурагчдын заавал унших зохиолын тоонд ордог ба одоо хүртэл олон урлаг, уран зохиол судлаачдын дунд эргэлзээ, таамгуудыг төрүүлж олон талаас судлагдсаар байдаг ийм бүтээл юм аа.

Зохиолын түлхүүр үгс: Москва – Петушки, Веничка (Венедикт гэх нэрийн товчилсон нь), архи, сахиусан тэнгэрүүд. Веничка нэг сэртэл танихгүй орцонд хэвтэж байлаа. Уг нь тэр Кремлийг хайж зорьж явсан бөгөөд дахиад л архи, пиво хольж уусны гайгаар (Гэхдээ Веничка өөрөө ингэж бодож байгаа эсэх нь эргэлзээтэй л юм) хаа нэгтээ ядарч туйлдаад ч юм уу эсвэл архиндаа тасраад унтаж орхисон байх. Веничка Кремлийг зорин явах тоолонд очиж чаддаггүй нь сонирхолтой. Өчигдөр арай л хэтрүүлээд уучихжээ гэсэн бодолтойгоор Курский вокзал руу алхана. Петушки орж хайртай бүсгүй болон 3 настай хүү дээр очихын тулд. Вокзал дээр ирсний дараа дэлгүүр онгойхыг хүлээж тарчилсаар сүүлчийн хэдэн зоосоо архи пивонд зориулж электричканд суун Петушки руу явна. Электричканд явахдаа өөрөө өөртэйгөө ярин, нэг уун нэг тасарч сэрэн явсаар байна. Явах замд вагон дотор улс төр, соёл, философи, архины талаар удаан яриа өрнөнө. Эцэст нь Веничка Петушки гэх тэр зорьсон газартаа хүрч чадах болов уу?

Хэдийгээр зохиол маань тэр чигтээ нэгэн жирийн архи уудаг нөхрийн байдаг л нэг ээлжит согтуурал, солиорол, дэмий хоосон яриагаар дүүрэн мэт санагдаж болох ч уншигчдад “бэлэн хоол” өгөхгүйгээр хариултыг нь, зохиолын цааших үйл явдлыг хайгаасай гэсэн сэтгэлээр бичигдсэн гэж бодож байна. Зохиол нь “би” өгүүлэмжээр бичигдсэн ба Достоевскийгийн бүтээлүүддээ гаргадаг зовлон шаналал харагдаад байх шиг. Гэхдээ Достоевскийгээс ялгарах хоёр зүйлийг харж болох мэт. Нэгдүгээрт, Достоевскийгийн том том романууд бол урт удаан зовлон, шаналал, гуниг тарчлал гэж харвал Веня маань хэдий ядарч зүдрэн яваа ч гэсэн зовж байна гэж бодож байгаа эсэх нь эргэлзээтэй асуудал. Хоёрдугаарт гэвэл Достоевскийн том зузаан зохиолуудтай харьцуулахад уг бүтээл нь жижигхэн ч гэсэн санааг нь багтааж чадсан гэж дүгнэж болно гэж бодож байна.

Утга зохиолын судлаачид уг зохиолыг найраглалын төрөлд багтаадаг нь их сонирхолтой. Тэрээр Венедикт Ерофеевтэй хамт бүтээл туурвидаг байсан найзууд нь “Москва – Петушки” – г шүлэг гэж мэдрэн уншихыг зөвлөдөг байжээ. Зохиолын хэлэх гэсэн санааг өөрийн боловсруулснаар тайлбарлая. Эхнийх нь, зохиолч маань Веничкагийн дүрээр тухайн үеийн нийгмийн асуудал болоод байсан архийг маш өвөрмөцөөр мөн уншихад амар, хөнгөхөн байдлаар гаргаж ирж чадсан. Өөрөөр хэлбэл Веня бол бүх Оросын ард түмний төлөөлөл, ил гарсан амьд үхэл. ЗХУын оршин тогтнох үед 1950 онд нэг хүнд оногдох согтууруулах ундааны хэмжээ 3,4 литр байсан бол 1960 онд 6,7 литр, 1970 онд 9,5 литр, 1973 онд 10,3 литр болтлоо өсөж байжээ. Хоёрдугаарт, Венедикт Ерофеев нь католик шашин шүтдэг, Библийн судрыг судлан уншдаг хүн байсан үүн дээр үндэслэн уг зохиолын Веничкаг зовж шаналсан Есүс Христ гэж дүгнэн Библийн судартай холбон зохиолыг задалж шинжилсэн утга зохиолын ажлууд цөөнгүй байдаг байна. Товчлон толилуулахад:

Веничка бол Оросын зовлон, нийгмийн харанхуй сохор байдлыг өөртөө үүрсэн Есүс. Зохиол дээр Веничка унтаж орхисон орцноос гарахдаа 40 шатаар алхан буудаг. Үүнийг Есүс Христийн 40 өдөр цөлд суун мөргөл үйлддэгтэй холбоё тайлбарладаг байна. Веничкагийн очих гэж байгаа Петушки гэх жижигхэн хот нь Есүс Христийн Иерусалим хотыг илэрхийлсэн.
Энэ судалгааны ажлуудын үндсэн дээр зохиолыг тунгаан бодоод үзэхэд зохиолч Веничкагийн дүрээр “Ямар ч нийгэмд тухайн нийгмийн золиос болдог хүмүүс байдаг бөгөөд тэдний сэтгэлийн дотоод байдал, амьдралыг шингээсэн хүнийг” харуулах гэж хичээсэн юм болов уу гэж таамаглаж байна. Мөн ЗХУд ард түмэн нь яаж зовж байгааг, зовсон ч огт зовлонгүй юм шиг амьдарч байгааг харуулах гэж байсан байх. ОХУ – ын нийслэл Москва хотноо энэ зохиолд, зохиолчид нь зориулсан хоёр хөшөө байдаг ба та бүхэнд толилуулбал сонирхолтой болов уу гэж бодлоо. Мөн хөшөөн дээрх бичгийг орчуулан орууллаа.

"Шартаж үзээгүй хүний үгэнд хараахан итгэж болохгүй"


No comments