Сонирхолтой 9 намтар бүхий ном

Share:

"Номгүй өрөө бол зүрх сэтгэлгүй бие мэт" - Цицерон.


Өнөө үед номын ертөнцөд хамгийн их шуугиан тарьж, “од” болж байгаа төрөл бол яах аргагүй намтар түүхүүд билээ. Иймд бид сонирхолтой байх болов уу гэж бодсоны үндсэн дээр 9 ном бэлдэн орууллаа. 😀


1. “Жан Пол Сартр – Үг”

Түлхүүр үг:  Би бичих гэж төрсөн.
Энэ номд нь 1964 онд Нобелийн шагнал олгосон болно. Уншихуй, бичихүй гэсэн хоёр бүлэгтэй бөгөөд маш чамин үгсээр бичигдсэн. Зохиолч өөрөө үгийг тэнгэртэй зүйрлэн бичсэн байдаг. Үүнээс харахад түүний хувьд унших, бичих маш их утга учиртай нь харагддаг. Зохиолын нэр нь “Үг” гээд та бод л доо. Гайхалтай байгаа биз. Хүүхэд насны өдрүүд, яагаад тэрээр бичихийг амьдралын утга учраа болгосон, хүн яаж өөрийнхөө хүсэл зорилгын төлөө тэмцдэг, ямар их саад бэрхшээлүүдтэй тулгардаг талаар нүдэнд харагдтал бичсэн дээ. Та энэ номыг барьж авсан мөчөөс л уншиж дуустлаа салж чадахгүй дээ. Намтраа өгүүлсэн номуудаас шилдгийн шилдэг нь. Та номын аль нэг хэсэгт зохиолчийг өрөвдөнө, хүний хувь заяаны талаар бодож сууна, яагаад гээд гайхширна, бүдүүлэг мэт санагдана, эцэст нь бахархана, өөрийн тухай бодолд автана. Зохиолын эхлэлд зохиолч өөрийн гарал үүслээ хайгаад байгаа мэт санагдсан ба надад эцэг эх, гэр бүлийнхнийгээ шууд нэрээр нь дуудан хандаж байгаа нь их гайхширал төрүүлж байсныг нуух хэрэггүй байхаа. Монгол хэлнээ орчуулсан зохиолч Г.Аюурзанад талархсанаа уншигчийн хувьд дахин дахин илэрхийлье ээ.
"Зөвхөн энэ бүхэн л" надад оногдсон гэж би бодсон ч араас нь залгаад "Би сонгож авсан" хэмээх өөр нэгэн бодол дорхноо төрөв. Үүлэнд хөвж явдаг бүхний адилаар үнэн мөнийг нээхийн тулд би тэнгэрээс газарт уналаа.


1. “Томас Мелле – Нуруун дээрх ертөнц”

Түлхүүр үг:  Яаж би хүмүүст ойлгуулах вэ?
Юунаас эхэлж ярих вэ их бодлоо. Өдгөө 45 нас хүрч яваа Томас Мелле гэх энэ Герман зохиолч хаана юу хийж байгааг мэдэхгүй. Бичиж байгаа юм болов уу, эсвэл гудамжинд орилж хашхирч яваа юм болов уу? Аль эсвэл цагдаагийн газарт байж ч магад. Учир нь тэрээр хорь гаран жил хоёр туйлт эмгэг гэх сэтгэцийн өвчнөөр шаналж яваа эрхэм юм. Үгүй дээ үгүй. Түүнийг өрөвдөх хэрэггүй дээ, уншигч минь. Та зүгээр л олон жилийн нөр их хүч хөдөлмөр шингэсэн намтар бүхий номыг нь уншчих. Танд хязгааргүй ихээр талархах болно. Номонд энэ өвчнөөр өвдсөн хүн ямар зан авир гаргадаг, дотор нь ямар хүн тэмцэж байдаг, яаж шаналж байгааг өгүүлэх ба та зохиолчийн дуу хоолойг, сэтгэлийг ойлгох болно. Маш хүнд ном учраас та болгоомжтой өөрөөр хэлбэл сэтгэл зүйгээ бэлдэж уншаарай. 
“Бичих бол миний цорын ганц аврал” (номын хэсгээс)
Та түүний  өвчний тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл энэ бичлэгийг үзээрэй:

3. “Франц Кафка – Өдрийн тэмдэглэл”

Түлхүүр үг:  Надад дахин нэг өгүүлбэр ч холбох хүч алга.
Та еврей гаралтай энэ хүнтэй танилцаж амжсан уу? Өнөө цагийн лидер бичээчдийн нэг болох Харуки Муракамигийн “Эрэг дээрх Кафка”, “Дурласан Замза” зохиолуудаас сонссон байж болох юм. Герман хэл дээр бүтээлүүдээ туурвидаг байсан ба монгол хэлнээ түүний “Сураггүй алга бологч”, “Шүүх ажиллагаа” номууд орчуулагдсан. Энэ хүний тухай бодохоор, номыг нь барьж авахаар яагаад ч юм хачин их гуниг уйтгар намайг хучин авдаг учраас уншигч танаа өдрийн тэмдэглэлүүдийг нь олоод уншчихвал зүгээр гэж л хэлэх байна. 1910 –аас 1923 оны хооронд алдан онон тэмдэглэлээ бичсээр байсан ба 1918 оных нь огт байхгүй юм байна лээ. Тэмдэглэл нь их биш ч гэсэн танд уншсаны дараа ядарсан мэдрэмж төрвөл тэр л жинхэнэ утгаараа ноён Кафкагийн бичвэр юм шүү.
Англиар унших бол:
Оросоор унших бол:


4. “Анне Франк – Залуу охины өдрийн тэмдэглэл”

Түлхүүр үг:  Хүн бүрийн дотор оршиж байгаа Анне Франк охин.
Та арай Анне Франк гэх энэ үзэсгэлэнтэй охины 80 орчим жилийн өмнө бичиж үлдээсэн тэмдэглэлийг огтоос уншаагүй эсвэл уншаагүй удсан юм биш биз?  Хэрвээ тэр амьд үлдэж чадсан бол 20 –р зуун ахин нэг гайхалтай зохиолч эмэгтэйтэй байх байсан гэж бодох юм даа. За олон таван үггүйгээр “Та манай энэ постыг уншина уу. Талархлаа.”

5. “Андрей Тарковский – Хугацаан доторх хугацаа”

Түлхүүр үг:  Ганц сайхан кино хийчих юм сан даа.
Энгийн нэгэн санааг яаж баяжуулж, яаж жинхэнэ утгаар нь кино хийж болдгийг харуулж чадсан 20 –р зууны кино найруулагчдын нэг Андрей Арсеньевич Тарковскийн өдрийн тэмдэглэлүүдийг уншсанаар та тухайн үеийн Оросын нийгмийн хар бараан талтай, кино хийхэд ямар асуудлуудтай тулгардаг байсантай танилцах болно. Андрей Тарковскийн ярилцлагууд ч мөн орсон ба эмэгтэйчүүдийн тэгш эрхийн талаар сонирхолтой яриа өрнөсөн байсан. Энэ номыг анх би нэгэн кофе шопод сууж байгаад олж уншсан юм байна. 600 гаран хуудастай том ном доо. Тэрээр маш их ном уншдаг хүн байсан ба тэмдэглэлийг нь уншсаны дараа танд киноноос нь үзэх хүсэл төрөх болов уу гэж итгэж байна. Гадаадын кино фестивальд амжилттай оролцдог байсан ч Оростоо тэр бол ердөө байдаг л нэг найруулагч (магадгүй муу нь). Франц улсад 1986 онд нас барсан ба түүний оршуулга одоо болтол Орост биш Францын нийслэл Парис хотноо байдаг. Оршуулга дээр нь оросоор “Тэнгэр элчийг харсан эрхэм” гэж бичсэн байдаг. Тэгвэл яагаад түүний бүтээлүүдийг Орос улс үнэлдэггүй байсан юм бол?


6. “ Шарлотт Чэндлер - Зүүд бол цорын ганц бодит зүйл”

Түлхүүр үг: Өөрийн хийсэн кино болгондоо би хайртай.
Италийн кино найруулагч Федерико Феллини (1920 - 1993) болон түүний эхнэр Жульетта Мазина (1921 - 1994) нарын амьдралыг өгүүлсэн түүх. Эхнэр нь кино жүжигчин байсан. Тэд ерөөсөө хүүхэдтэй болж чадаагүй ба энэ талаар нь сурвалжлагч асуухад Федерико Феллини “Кино бол бидний хүүхэд” гэж хэлж байсан удаатай гэсэн.  Номыг Тагтаа паблишинг эрхлэн гаргасан. Энэ ном намтар түүх төдийгүй 50 жил хамт амьдарсан хамгийн сайхан хайрын түүх бөлгөө. Илүү ихийг яривал би энэ номыг танд бүтнээр нь яриад өгчхөж магадгүй байгаа тул өндөрлөх мөчид номын эшлэлүүдээс хүргэе.
  1. Феллинигийн эхнэр байх нь миний хамгийн чухал дүр.
  2. Кино найруулна гэдэг өөрөө өөрөөсөө ярилцлага авахтай адилхан юм даа.
  3. Хүн харсан үзсэндээ итгэдэг үү? итгэсэн зүйлээ хардаг уу?
  4. Найруулагч болмоор байна гэсэн хүмүүсийг би ойлгоно. Гэхдээ яаж кино хийдгийг мэдэх сэн гэсэн хүмүүсийг ойлгодоггүй юм.
7. “Г.Амартүвшин – Эргэлт, сонголт”

Түлхүүр үг: Хүсэл эрмэлзэл, амьдрал.
Номыг бичсэн хүний та бүхэн олон удаа сонсож, ярилцлагыг нь уншиж сонссон байхаа. Шарк танк нэвтрүүлгийн шарк, Бельги болон Америк улсад сурч боловсорсон, амжилттай бизнесмен Г. Амартүвшиний яаж сурахын төлөө тэмцэж, амьдралдаа ямар ямар том алхмууд хийж, ямар асуудлуудтай тулгарч, хэрхэн давж гарч байсан тухай өгүүлсэн энэ номыг та заавал уншаарай. Ер нь хүн яах гэж ном бичдэг юм бэ? Тэр тусмаа намтар түүхээ? Миний алдсаныг битгий алдаасай, амьдралд ийм ийм анхаарууштай зүйл байдаг шүү гэж сануулга өгөх гэж бус уу? Уншсаны дараа өөрт олдсон боломжуудаа сайн шүүрч авч, зорилгынхоо төлөө тэмцэж чадсан, чадаж яваа хүн юмаа гэсэн бодол төрсөн дөө.
Ганцхан зүйлд уягдчихаад, аливаа зүйлс олон талтайг олж харахгүй тийн явах зуур ирээдүйд чамд маш том боломж авчрах эргэлтийн цэг чинь зөрөөд одчихвол яана?

8. “Ашлий Ванс – Элон Маск”

Түлхүүр үг: Хиймэл оюун ухаан.
PayPal, OpenAI, SpaceX, The boring company, Tesla (Никола Теслагийн нэрээр нэрлэгдсэн юм уу даа?), SolarCity компаниудыг үүсгэн байгуулсан Элон Маск гэх эрхмийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Тэгвэл та монгол хэлнээ орчуулагдсан энэ номыг уншиж, Элон Маскын амьдрал, намтартай танилцах боломжийг битгий алдаарай.
Хүмүү биширч хайрлах бүх зүйлийг би бүтээмээр байна. - Элон Маск 

9. “Н.Хулан – A year to remember”

Түлхүүр үг: Уулын орой руу хараарай.
1 жилийн туршид өөрийгөө сорьж, өөртөө тодорхой хэмжээний зорилго тавьж, чалленж эхлүүлж түүнийхээ ард гарсан гайхалтай нэгэн практик ном. Сонирхолтой санаанууд дэвшүүлсэн ном учраас энэ буландаа орууллаа. Би бодохдоо зохиолч маань номоороо дамжуулан олон залуусын дотор итгэл сэтгэлийн гал асааж чадсан. Сурах хүсэл. Ямар нэгэн зүйлийг дуусгах чадвар. Тэсвэр тэвчээр.  Амьдралын амт. Энэ бол 52 долоо хоногийн туршид шинэ зүйлс суралцсан тэмдэглэл болно. Н.Хулан гэх эмэгтэйн тухай та нар надаас илүү мэдэх байх даа. Би хувьдаа олон хүнд яг энэ номыг онилж бэлэглэсэн юм байна. Эдгээр есөн номуудаас Франц Кафкагийн өдрийн тэмдэглэл л орчуулагдаагүй байх.

No comments