Өнөө цагт олон эцэг эх үр хүүхдээ номд дуртай болгох гэж хичээх болжээ. Тэгвэл яагаад ээж аавууд өөрсдөө үлгэр дуурайлал үзүүлэн гэртээ үр хүүхдүүдтэйгээ үлгэр, зохиол хамтдаа уншиж, тэдэнтэйгээ ярилцан санаа бодлыг нь сонсож бас үлгэрийн баатруудын дүрд хувилан тоглодог байж болохгүй гэж? Тийм ээ?
Ингээд манай "ГЭРЭЛ"-н зүгээс та бүхэнд хүүхдүүддээ уншуулахад тохиромжтой дараах 9 номыг онцолж байна.
1. ХОРВООТОЙ ТАНИЛЦСАН ТҮҮХ
Дэлхийн 30 гаруй орны хэлнээ орчуулагдсан энэхүү зохиолыг бараг хүн бүхэн л уншиж өссөн байх. Хөдөөгийн бяцхан хүү хэрхэн хорвоо ертөнцтэй танилцаж байгааг маш урнаар, сонирхолтойгоор дүрсэлсэн. Уг зохиолоос монгол ахуйг, социализмын үеийн аж байдлыг бас мэдэж болно шүү.
2. БАГЫН ЯВДАЛ ТУУЖ
Сахилгагүй нь дэндсэн Төмөрсүх хүү хэрхэн хүсэл мөрөөдлөө олж, өөрийгөө ялан дийлж мундаг жүжигчин болж байгааг дүрсэлнэ. Үнэхээр хөгжилтэй шүү. Хүүхэд ямар сониучхан, гэнэн цагаахан байдгийг та энэ зохиолоос мэдрэх болно.
3. ХӨГЖӨӨНТЭЙ ТУУЖУУД
Бас л хүн бүрийн сэтгэлд хоногшсон гоё зохиол. Үе тэнгийн жаал хүүхдүүд адал явдалтай хэрхэн учирч, тэдгээрийг даван туулж, сургамж авч байгааг харж болно. Бага ангийн хүүхэд уншихад их тохиромжтой.
4. МАНАЙ СУРГУУЛИЙНХАН ТУУЖ
Төрийн шагнал хүртсэн энэ зохиолоор ардын хувьсгалын дараах аж байдлыг мэдэж болно шүү. Сургуулийн хүүхдүүдийн дунд тархсан халдварт өвчнийг сайхан сэтгэлт орос эмч хэрхэн эмчилж байгааг, хүүхдүүд хуучин ба шинэ үзлийн хооронд хэрхэн зөрчилдөж байгааг дүрсэлнэ.
5. БҮЖИНД ТОХИОЛДСОН ЯВДЛУУД
Орчин үеэс гэвэл уг зохиолыг онцолж байна. Аравхан настай бяцхан охин өөрт тохиолдсон сургамжит явдлуудаасаа үндэслэн бичсэн маш сонирхолтой цуврал. Өөрийгөө бага гэж гололгүй ном бичээд "Шарк Танк" нэвтрүүлэгт орон хөрөнгө оруулалт татаж чадсан гэхээр Индра охиноор үнэхээр бахархууштай. Удахгүй уг зохиол хүүхэлдэй кино болон гарахаар сурагтай байсан шүү.
6. УХААН ДАЛАЙ НОМООС ЭХТЭЙ ЦУВРАЛ
Бага, дунд, ахлах ангийнхан гээд нас насны хүүхдүүдэд зориулж эмхэтгэн гаргасан цуврал. Ардын аман зохиол, шүлэг, өгүүллэг, тууж, роман гээд хүүхэд уншвал зохилтой төрөл бүрийн зохиолыг эмхэтгэсэн ном. Гэр бүлийн номын санд байх л хэрэгтэй цуврал шүү.
7. ХАРРИ ПОТТЕР ЦУВРАЛ
Маш олон хүүхэд Харри Поттерийн адал явдалд дуртай байдаг. Киног нь ч маш олон удаа үзсэн байдаг. Тэгвэл яагаад зохиолыг нь бас уншиж болохгүй гэж? Түүнчлэн англиар нь уншвал гадаад хэл сурахад бүр ч дөхөм байх болов уу.
8. ХЭРСҮҮ ОХИНЫ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ
Ричл Рассел гэх зохиолчийн бичсэн цуврал. 14 настай охинд өдөр тутам тохиолдож буй үйл явдлыг дүрсэлсэн ба зохиолч өөртөө болон хоёр охинд нь учирсан түүхүүдээр үндэслэн бичжээ. Ээж аавуудын хувьд өсвөр насны хүүхэдтэйгээ ярилцах, тэднийг ойлгох нь бас л төвөгтэй байдаг шүү дээ. Тэгвэл яагаад энэ номоор дамжуулан тодорхой сэдвүүдийн хүрээнд илэн далангүй яриа өрнүүлж болохгүй гэж?
9. ГОЦ УХААНТ ВИКТОР
Өсвөр насны хүүхдэдээ уншуулбал их зүгээр. Энэ насны хүүхэд өөрийгөө бусадтай харьцуулан, өөрийгөө голох гээд байдаг шүү дээ. Уг номыг уншсанаар хүүхэд тань урам зоригтой болж өөртөө итгэх итгэл нь нэмэгдэх болов уу гэж бодож байна.










No comments