Хэрхэн зөв номыг сонгож, идэвхтэй уншигч болох вэ?

Share:


Энэ удаагийн нийтлэлдээ бид өөртөө хэрхэн зөв номоо сонгох, унших арга барилаа олох, сайжруулах, идэвхтэй уншигч болох, зөвхөн уншаад зогсохгүй олж мэдсэн зүйлээ өөрийн болгох гээд эдгээр зүйлсийн тухай уншиж туршсанаа хуваалцъя гэж бодлоо.
“Ярихаасаа өмнө бод. Бодохоосоо өмнө унш” - Фран Лебовиц

Өөртөө хэрхэн сайн ном сонгох вэ?

Номын гарчиг болон өмнөтгөлийг унших. Өмнөтгөлийг уншсанаар та номын гол санаа, сэдвийн хүрээ, зохиогчийн тухай тодорхой хэмжээний мэдэж авах болно. Хувь хүний хөгжлийн тухай ном авах гэж байгаа бол таныг болгоомжтой байхыг хүсэж байна. Учир нь энэ төрлийн номуудаас "сайн" номыг олно гэдэг хүнд даалгавар юм. Гарчгийг унших нь олон тохиолдолд номын юун тухай өгүүлэх нууцыг задлаад өгчихдөг талтай. Жишээ нь “Тоомжиргүй амьдрах урлаг”. Юун тухай гэж бодож байна? Та таачихсан гэдэгт би итгэлтэй байна.



Номын дэд гарчгууд, бүтцийг хурдхан гүйлгэн харах. Ном яг моддын мөчрүүд шиг бүтэцтэй. Хэрвээ та гартаа барьсан номынхоо гарчгууд, бүтцийг харвал зохиогч бүлэг бүрийн гарчгийг өгөхийн тулд ямар их хичээснийг ажиглах боломжтой. Жишээ нь Мичио Какү гэдэг хүний бичсэн “Физикийн ирээдүй” номын бүлгүүд “Хиймэл оюун ухаан - ирээдүйд”, “Нанотехнологи: Бүгдийг тэгээс эхлэх үү?”, “Дараагийн 100 жилийг таамаглах нь” гэх мэтчилэн нэрлэгдсэн байдаг ба үнэхээр сонирхолтой сонсогдохгүй байна гэж үү?
Би ном дотор дэлхийн аль ч газраас илүү олон удаа амьдарсан. - Нейл Гейман

Номын хавтсанд зориулсан үгсийг унших. Ихэнхдээ номын арын нүүрэнд бичсэн байдаг бусад шүүмжлэгч нарын үгсийг уншаад үзэх хэрэгтэй гэж бодож байна. Та тэндээс үнэхээр сэтгэлээ гаргаж бичиж үү, аль эсвэл номын борлуулалт руу чиглэсэн гэсэн хоосон үгс үү гэдгийг хараад шууд ойлгоно. Ерөнхийдөө номын гол санааг цухуйлгасан байдаг юм шүү.

Сайтууд дээрх тухайн номын үнэлгээг харах. Goodreads, Kirkus, Bookish эдгээр сайтууд руу орон сонирхож байгаа номыг тань бусад уншигчид хэрхэн үнэлснийг ажиглаарай. Сэтгэгдлүүдийг нь хальт гүйлгэн уншихад ч буруудах зүйлгүй шүү.

New Yorker, Guardian review, Paris review. Хэрвээ та орчин үеийн, дэлхийд шуугиан тарьж яваа номуудын тухай мэдээлэл авахыг хүсвэл энэ гурван сайтаар заавал ороорой. Зөвхөн ном гэлтгүй та зохиогчийн тухай мэдэж байх ёстойг анхаараарай.

Ном сонгохдоо анхаарах зүйлс:
  • Борлуулалт өндөртэй байлаа гээд сайн ном гэсэн үг биш.
  • Алдартай бизнесмен бичлээ гээд, том компанийн түүхийг харуулсан байлаа гээд заавал унших ёстой гэсэн үг биш.
  • Сайн ном зах зээл дээр гарснаасаа тодорхой хугацааны дараа жинхэнэ чанар нь танигдаж эхэлдэг тул шинэ номыг яаран авах шаардлагагүй. 
  • Нобелийн шагнал хүртлээ гээд "мөлжүүртэй" зохиол гэсэн үг огт биш.
Ном бол миний эрх чөлөөнд хүрэх арга зам. - Опра Уинфри

Хэрхэн идэвхтэй уншигч болох вэ?

Ямар ном унших дуртайгаа олж мэдэх. Намтар түүхүүд, баримт дээр суурилсан номд дуртай юу, утга зохиолд дуртай юу, эсвэл өөрийгөө хөгжүүлэх төрлийн ном уншихыг илүүд үздэг үү? Үүнийг олж мэдсэний дараа та аль хэдийн "идэвхтэй" уншигч болсон байх болно. 



Бага багаар унших. Нэг цагт хүн 30 хуудас уншина гэж тооцъё.  Та өдөрт хоёр цагийг уншихад зориулж чадвал 60 хуудсыг уншина гэсэн үг. Долоо хоногт 10 цагийг уншихад зарцуулбал 300 хуудсыг уншчихна гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл долоо хоногт нэг ном. Жилд тавин хоёр ном. Ном унших бол нэг дадал зуршил юм шүү.

Номын хавсралтыг судлах. Ихэнхдээ шинжлэх ухаан, технологийн номууд хавсралтдаа ямар ямар эх сурвалжууд, номуудыг ашигласан тухай уртаас урт жагсаалт оруулсан байдаг. Хэрвээ таны уншсан ном үнэхээр сонирхолтой байсан бол та яагаад тэр урт жагсаалтаас судлан аль нэг номыг уншиж болохгүй гэж. Ингэснээр та нэг л мэдэхэд аль нэг сэдвээр нэлээн мэдлэгтэй болсон байх болно.  Мөн та ном ямар их хүч хөдөлмөрийг даван гарч уншигч бидэнд ирдгийг ойлгох ч юм бил үү.

"Номыг шатаахаас илүү аймар зүйлс байдаг. Жишээ нь: огт уншихгүй байх" -Иосиф Бродский

Номын тэмдэглэл хийх. Ихэнхдээ хүмүүс номын зохиогч, гол санаа, агуулга, гол санаандаа хүрэхийн тулд зохиогч ямар аргийг ашигласан гээд иймэрхүү маягаар задлан номын тэмдэглэл хөтөлдөг. Харин нэгэн гоё аргыг та бүхэнд санал болгоё. Энэ бол модны арга. Зарчим нь дараах дарааллаар номыг задлах.
  • Эхлээд номыг бүлгээр нь ангилах. Заавал номын зохиогчийн дагуу задлах албагүй болно. 
  • Дараа нь бүлгүүдэд юуны тухай өгүүлснийг товчлон бичих. 
  • Эцэст нь бүлгүүдийг доторх санаануудаар ангилах. Зохиогч нэгдүгээрт хэсэгт дөрвөн санааг хэлэхийг оролдсон гэх мэт.
Тэмдэглэлийнхээ төгсгөлд та юуг судалж уншмаар байгаагаа бичээрэй.

Уншдаг номын төрлөө солих. Дандаа уран зохиолын бус, тухайлбал, ойн нэг өдөр хэрхэн өнгөрдөг тухай ном уншиж үзээрэй.

Цахим ном унших. Интернэтээс татаж уншихаас гадна танд “live ном” уншихыг зөвлөж байна. Зохиогч нь номоо бичиж байхад та уншаад л яваад байна гэсэн үг. Сонирхолтой байх болно. Мөн Amazon Kindle ашиглаж ном унших боломжтой.

Нэг төрлийн номоос хоёроос дээшийг зэрэг унших. Жишээ нь, дэлхийн хоёрдугаар дайны тухай Герман улс, Америк улсын зүгээс хэрхэн харж байсныг хооронд нь харьцуулж уншиж болно. Ингэснээр таны нэг номоос нөгөөд шилжих хурд, юм тогтоох чадвар сайжирна. Номын сонголт дээрээ анхаарахгүй бол ном хооронд шилжихэд тань хэцүү байж магадгүй. Нэг төрлийн цаг хугацаа, орон зайн аялал шиг санагдахгүй байна гэж үү?

Бидний нийтлэлийг сонгон уншдаг танд талархлаа.

No comments