Ерөнхий
Гуниглах
сэтгэл дундуур байх, аливаа зүйлд
сонирхолгүй болох зэрэг нь хүний амьдралд
тохиолддог хэвийн сэтгэл хөдлөлүүд
боловч энэ нь урт хугацаагаар үргэлжлэн
хүний амьдралд мэдэгдэхүйц бодитойгоор
нөлөөлж байгаа бол энэ нь сэтгэл гутрал
юм.
Сэтгэл гутрал
нь бодитой сэтгэлзүйн эмгэг мөн бөгөөд
бусад эмгэгтэй ижлээр эмчилгээ
шаардагддаг. Дэлхийн эрүүл мэндийн
байгууллагаас гаргасан судалгаагаар
сэтгэл гутрал нь дэлхийн хэмжээнд
хөгжлийн бэрхшээл үүсгэх гол шалтгаан
болоод байгаа бөгөөд 20 хүн тутмын нэг
нь энэхүү эмгэгээр шаналдаг байна.
Өндөр настнаас эхлээд бага насны хүүхдэд
илэрч болно.
Сэтгэлийн гутрал гэж юу вэ? Бусад нь бүгд амьсгалж байхад чи л ганцаараа живж буй мэт санагдах.
Нийгмийн талаас
Судалгаанаас
үзэхэд буурай болон хөгжиж буй оронд
хөгжингүй орноос илүү сэтгэл гутрал их байгаа бөгөөд ядуурал ажилгүйдэлтэй
тодорхой хэмжээнд холбоотой байгаа нь
харагдаж байгаа юм.
Сэтгэл гутралд
эмэгтэй хүмүүс илүү өртөмтгий байдаг
боловч Монгол улсад эрэгтэй хүний тоо
нь илүү давамгай байна. Энэ нь нийгмийн
онцлогоос
шалтгаалсан дарамт илүү
байдагтай холбоотой байж болно гэсэн
байна.
Шинж тэмдэг
- Сэтгэл хөдлөл : Гуниглах, сэтгэл таагүй байх, гутрах, Өөрийгөө ямар ч хэрэггүй эсвэл гэм буруутай гэж мэдрэх, муу бодлууд байнга орж ирэх.
- Зан авир : Амархан уцаарлах, түрэмгий байдал, цочромтгой байдал, түгшүүр, тайван бус байдал.
- Зан байдал : Өмнө нь таашаадаг байсан зүйлс таагүй санагдах, аливаа зүйлийг хийх дуршил буурах.
- Хоолны дэглэм : Хоолны дуршил буурах эсвэл хэт их идэх гэх мэт тогтворгүй хоолны дэглэм.
- Нойр : Хэт их унтах эсвэл нойргүйдэх.
- Сэтгэхүйн чадвар : Анхаарал төвлөрүүлэх чадвар муудах, өгөгдсөн даалгаврыг биелүүлэхэд хүндрэлтэй байх, харилцан ярианд хариулт өгөх нь удаашрах. Ой санамж муудах.
- Бие махбодод нөлөөлөх : Ядарч сульдах, зарим үед толгойн өвдөлт болон бусад биеийн аль нэг хэсэг тайлбаргүйгээр өвдөх, хоол боловсруулах эрхтний саатал, турах эсвэл таргалах, биеийн хөдөлгөөн хэвийн үеийнхээс удаашрах.
- Биедээ болон амь насдаа аюул учруулж болзошгүй бодлууд орж ирэх.
Дээрх шинж тэмдгүүд танд илэрвэл мэргэжлийн эмчид зайлшгүй хандаарай.
Шалтгаан
- Удамшил : Ойрын цусан төрөл нь ийм эмгэгтэй хүмүүст илүү түгээмэл тохиолддог. Судлаачид сэтгэл гутралыг өдөөх генийг хайж олохыг хичээж байгаа.
- Тархины эсүүдтэйгээр холбоотойгоор : Сүүлийн үеийн судалгаагаа нейротрансмиттерүүдийн үйл ажиллагаа ба түүний өөрчлөлт хүний сэтгэл зүйн тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэдэг тухай судалгаанууд хийгдээд байгаа билээ.
- Гормоны өөрчлөлтөөс хамааран : Ялангуяа эмэгтэй хүмүүст жирэмсэн байх хугацаанд болон төрсний дараагаар гормоны өөрчлөлттэй холбоотойгоор сэтгэл гутрал илэрч болно.
- Эрүүл мэндийн байдал : Бусад архаг хүнд өвчин, нойргүйдэл, өөр бусад сэтгэцийн эмгэгтэй байх нь сэтгэл гутрал орох эрсдэлийг нэмэгдүүлдэг бол сэтгэл гутралтай байгаа нь эргээд аливаа өвчинг сэдрээж хүндрүүлэх гэх мэт бие биедээ нөлөө үзүүлдэг .
- Архи болон Мансууруулах бодисын хэрэглээ : Архи болон мансууруулах бодисийг хэрэглэдэг хүмүүсийн 20 хувь нь сэтгэл гутралд өртдөг
- Таагүй үйл явдалтай тулгарах : Хүчирхийлэлд өртөх, ажлаас халагдах, дотны хүнээ алдах гэх зэрэг нь сэтгэл гутралыг өдөөж болно.
- Хүний өөрийн зан араншин : Өөртөө итгэлгүй эсвэл гутранги зан араншинтай байх нь энэхүү өвчинд өртөх магадлалыг нэмэгдүүлдэг.
Олонх тохиолдолд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгчид тухайн хүний сэтгэл гутралд юу нөлөөлж байгааг бүрэн дүүрэн тодорхойлж чаддаггүй.
Эмчилгээ
Сэтгэл
гутралыг ерөнхийд нь 3 ангилдаг. Хүнд,
хүндэвтэр, хөнгөн. Хүнд болон хүндэвтэр
төрлийг эмчлэхэд дараах эмчилгээ багтана
- Сэтгэлзүйн эмчилгээ :
Эрүүл
мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчид
зан үйлийг идэвхжүүлэх, танин мэдэхүйн
зан үйлийн эмчилгээ (CBT) болон хувь хүний
хоорондын сэтгэлзүйн эмчилгээ (IPT).
- Эмийн эмчилгээ :
серотониныг
нөхөн сэргээх дарангуйлагч (SSRIs), трициклик
антидепрессант (TCAs) зэрэг антидепрессант
эмүүдийг санал болгож болно.
Хөнгөн сэтгэл гутралыг эмчлэхэд юун түрүүнд эмийн эмчилгээнээс зайлсхийх шаардлагатай. Эмчилгээ нь хүн бүрт харилцан адилгүй байдаг. Эмийн эмчилгээг өвчтөний биеийн байдлыг ажиглан 7-14 хоногт өөрчилж үздэг.
- Бусад эмчилгээнд:
Хоол
хүнс зөв тохируулах : шим тэжээлтэй хүнсний ногоо жимс
жимсгэнэ сайн хэрэглэх
Дасгал
хөдөлгөөн эрчимтэй
хийх : дор хаяж долоо хоногт 150 минут
эрчимтэй хөдөлгөөн хийх
Байгалийн
гаралтай зарим нэг хүнс : цагаан
гаа, лавандер, балжингарав, загасны тос
нь сайн нөлөөтэй байж болно
Гэрлийн
эмчилгээ : Цагаан гэрэлд тодорхой
хугацаанд байлгах нь сэтгэлзүйд сайнаар
нөлөөлж болно. Энэ эмчилгээг ихэвчлэн
улирлын чанартай сэтгэл гутралын үед
ашигладаг.
Тархины
өдөөгч эмчилгээ : хүндэрсэн тохиолдолд
тархины зарим хэсэгт бага зэргийн
соронзон импульс илгээдэг. Гэвч Монголд
энэ төрлийн эмчилгээ байдаг талаарх
мэдээлэл алга байна.
Зөвлөгөө
Олон
төрлийн нийтлэл уншаад бяцхан зөвлөгөө
шиг буланг оруулахаар шийдлээ.
- Ерөнхийдөө сэтгэл гутрал нь хэн нэгний сонголт, сэтгэлийн хатгүй байдал гэх мэт ойлголт байдаг боловч энэ нь буруу юм. Бусад эмгэгтэй адилаар эмчилгээ шаардагддаг өвчин гэдгийг санаарай.
- Хэрвээ дээрх шинж тэмдгүүд дор хаяж 14 хоног илэрсэн бол та эмчид хандаарай. Эмчилгээ авсан хүмүүсийн 90 хувийнх биеийн байдал ямар нэг байдлаар сайжирсан байдаг. Иймээс эмчилгээ авах нь чухал юм. Сэтгэл судлалын үндэсний төвийн утас: 7732-4233
- Өөрийгөө бусдад нээх нь юун түрүүнд хийх алхам билээ. Бусдад хүндрэл учруулна хэмээх бодлоосоо түр ч болов хөндийрөн сэтгэлд доторх зүйлээ уудлан ойр дотныхоо хүнээс тусламж дэмжлэг аваарай. Амиа хорлох тухай бодлоо хүнтэй хуваалцах нь үйлдлийг хийхээс нь сэргийлдэг гэх баримт байгаа.
- Өвдсөн байгаа гэдгээ хүлээн зөвшөөрөх нь шийдэл олохын өмнө хийх алхам билээ. Өөрөөсөө ямар нэг бурууг хайхаас түрүүлээд өөрт тулгарсан асуудлыг хүлээн зөвшөөрч түүнийг шийдэх шийдлийг хайхыг хүсье.
- Хүний бие сэтгэл зүйтэй салшгүй холбоотой байдаг. Сэтгэл зүйд тулгарсан асуудал биед нөлөөлж, биед тулгарсан өвчлөл эргээд сэтгэл зүйл нөлөөлдөг. Нойр хоол дасгал хөдөлгөөн нийгмийн харилцаа, ажил. амралт гээд өдөр тутмын эдгээр зүйлсийг зөв зохицуулж байгаа эсэхээ тунгаахыг хүсье.
- Сэтгэл гутралаас эдгэрсэн гэх цөөхөн хүний сэтгэгдлийг уншиж үзэхэд ихэвчлэн нэг л зүйлийг хэлсэн байна. Тэдгээр хүмүүс эхлээд өөрийгөө хүлээн зөвшөөрч. хайрлаж эхэлснээр асуудлууд бага багаар шийдэгдсэн байна. Та өөрийгөө хайрлан сэтгэл зүйдээ анхаарахыг хүсье. Эмчилгээ зөвлөгөөг хичнээн олон төрлийн мэдээнээс олж үзэж болох боловч түүнийг хэрэгжүүлэх эсэхийг шийдэх нь таны сонголт шүү дээ.
Манай сайтын зүгээс танд эрүүл энхийг хүсье
/Хөгжилтэй байх үүднээс/










No comments