100 жилийн өмнө гэхэд л хүн бүр гадаа гараад одод түгсэн шөнийн тэнгэрийг харж чаддаг байсан бол одоо сая сая хүүхдүүд бидний оршин амьдардаг Сүүн зам галактик, шөнийн тэнгэрийг харж чадахгүйд хүрээд байна. Энэ нь өдөр шөнийн амьдралыг алдагдуулж байгаа гэрлийн бохирдолтой холбоотой юм. Та бүхэн ус, агаар, газрын хөрсний бохирдол гэж сонссон ч гэрлийн бохирдлын тухай хараахан сонсоогүй байж ч магадгүй юм. Бидний гэрлийн эмх замбараагүй хэрэглээнээс болж хүмүүсийн аюулгүй байдал, эрүүл мэнд, байгаль экологи болон амьтдын амьдрал ямар ихээр эрсдэж, аюулд учирч байгааг энэ нийтлэлээрээ харуулахыг зорьж байна. Гэрлийн бохирдлыг ямар ямар зүйлс бүрдүүлж байна вэ гэхээр их хотуудын шөнийн гэрлүүд, замын хажуугийн гэрэлтүүлгүүд, машины хурц гэрэл, чийдэнгүүд орох юм.
Сансраас хотуудын гэрлийн бохирдлыг харуулсан нь
Үүсэж буй үр дагаврууд
Олон улсын харанхуй тэнгэрийн холбооноос гаргасан судалгаагаар дэлхийн нийт хүн амын 80% нь гэрэл ихтэй томоохон хотуудад амьдарч байгаа ба Америк болон Европын орнуудын иргэдийн 99% нь байгалийн гэрлийг харж чадахгүй байдалд хүрсэн байна.
Гэрлийн бохирдол нь дараах зүйлсэд маш муугаар нөлөөлж байгаа юм.
- Гэрэл цахилгааны хэрэглээ
- Экосистем ба амьтдын амьдралын хэв маяг
- Хүний эрүүл мэнд
Гэрэл цахилгааны хэрэглээ
Америкт гэхэд гадаах гэрэлтүүлгүүдэд зарцуулж буй энергийн 30% нь ямар ч үр ашиггүй зарцуулагдаж байдаг гэсэн судалгаа байна. Энэ нь жил бүр 3,3 тэрбум долларыг алхинд хийсгэж, 21 сая тонн нүүрсхүчлийн хийг ялгаруулдаг гэсэн үг. Энэ хэмжээний нүүрсхүчлийн хийг цэвэрлэхийн тулд бидэнд жил бүр 875 сая мод тарих шаардлага гарч байгаа юм байна. Үнэхээр аймшигтай байгаа биз.
Экосистем ба амьтдын амьдралын хэв маяг
Ургамал ч тэр, амьтад ч тэр өдөр шөнийн амьдралтай байдаг ба тэдний амьдралын хэв маягт гэрлийн бохирдол хэрхэн нөлөөлж байгааг авч үзэцгээе.
Махчин амьтад өдөр ан хийж, шөнө нуугддаг бол шөнө гэрэлтэй байгаа нь тэдний амьдрал хор нөлөө ихтэй байна. Мөн унтлага амралт, үржилд нь муугаар нөлөөлж байна. Өдөр амарч шөнө ангаа хийдэг амьтдад ч мөн адил.
Нэгэн жишээ дурдахад далайн яст мэлхий нь шөнөөр
далайн эрэг дээр өндөглөдөг ба үр зулзагууд нь далайн дээрх шөнийн тэнгэрээр баримжаа аван эх болсон далайгаа олдог бол шөнө хэт их гэрэлтэйгээс болж жил бүр сая сая бяцхан яст мэлхийнүүд үрэгдэж байна.
Мөн шувуудын нүүдэллэх замд нь зүг чигээ олохгүй байх үр дагаврыг үүсгэж байна. Олон сая шавжууд гэрэл
рүү тэмүүлэн үхэж байна. Ийнхүү хүний үүсгэсэн гэрэл нь байгалийн олон сая
жилийн явцад тогтсон систем, тэнцвэрт байдлыг хэрхэн алдагдуулж байгааг та харж
байгаа байх.
Хүний эрүүл мэнд
Шөнийн хурц гэрлүүд нь биднийг шөнө
эрт унтаж амрахгүйд хүргэж, улмаар таргалалт, нойргүйдэл, сэтгэл гутрал, нүдний
хараа муудах гэх мэт олон муу үр дагаврыг дагуулж байна. Зөвхөн гадаах гэрэлтүүлгээс
гадна гар утас, компьютер, телевизорыг шөнөөр удаан ширтэх асуудал ч бидний эрүүл
мэндэд нөлөөлж байгаа юм. Бас нэгэн сонирхолтой
судалгааг хэлэхэд гудамжны шөнийн гэрэлтүүлэг нь гэмт хэрэг гарахыг
багасгахгүй харин сөрөг дагавартай байгаа юм байна.
Тэгвэл бид гэрлийн бохирдолтой тэмцэхэд хэрхэн хувь нэмрээ оруулж болох вэ?
Та дараах зөвлөгөөнүүдийг даган гэрлийн бохирдлын эсрэг байгаагаа илтгээрэй.
- Зөвхөн шаардлагатай үед гэрлээ асааж, энерги болон зарцуулалтын төлбөрөө хэмнэх
- Уртасгагчаа ашиглах үедээ асаан, бусад үед унтрааж байх
- Боломжтой бол мэдрэгчтэй гэрэлтүүлэг, чийдэн ашиглах
- Гадуур алхахдаа гэрлээ аль болох доошоо чиглүүлэх
- Хотоос гарч шөнийн тэнгэрийг ажиглах
- Шинжлэх ухаан сонирхдог, тогтвортой хөгжлийн тухай мэдээ мэдээлэл уншдаг, хүрээлэн буй орчин, эрүүл мэнд ба байгальд санаа тавьдаг иргэн байх
- https://www.darksky.org/light-pollution/
- https://www.globeatnight.org/light-pollution.php
- https://www.nationalgeographic.org/article/light-pollution/
- National Geographic -аас гаргасан гэрлийн бохирдлын тухай өгүүлсэн богино хэмжээний кино: https://www.youtube.com/watch?v=0FXJUP6_O1w

No comments