Мэдээллийн эрин зуун ба программчлал

Share:
Бидний амьдарч буй XXI зуун бол мэдээллийн технологийн зуун билээ. Түрүү зууны сүүлээс эхлэн аж үйлдвэрийн III хувьсгал гарч бүх зүйлийг цахимжуулж, программчлах боломжтой болоод байсан бол одоо аж үйлдвэрийн IV хувьсгал гарч өмнө нь зөвхөн хүн чаддаг байсан зүйлсийг хиймэл оюун ухааны тусламжтай автоматжуулж эхэлжээ. Ирээдүйд биш одоо хиймэл оюун ухаан зураг зурж(эх сурвалж), дуу зохиож(эх сурвалж),  шүлэг бичиж(эх сурвалж) байна. Одоо оршин буй бараг бүх л салбар, бараг бүх хүн мэдээллийн технологийн салбарын үр шимийг хүртсээр. Энэ бүхний цөмд юу байна вэ?

Программ гэдэг үг нь эртний Грекийн pro: өмнө graphein: бичих гэсэн үгнээс гаралтай. Анх олон нийтэд хүргэх бичвэрийг ийн нэрийддэг байсан ба аажимдаа хөтөлбөр гэх утгаар хэрэглэгддэг болж, програмчлал үүсэх үед программчлалыг мөн ийн нэрийдэх болжээ. (Оксфордын толь бичиг ашиглав)

Суурь шинжлэх ухаан, цахилгаан электроникийн хөгжил суурь болж байгаатай маргах хүн үгүй байх. Мэдээллийн технологи ингэж бүх л салбарт хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, ая тухтай байдал бүрдүүлж буйн цөмд программчлал буй гэхэд хилсдэхгүй.  Дэлхийн хамгийн том 4 компани мэдээллийн технологийн компани байна шүү дээ (эх сурвалж). Та ч мөн эргэн тойрноосоо анзаарч байгаа байх. Гар утас, зурагт, хөргөгч бүгд л тодорхой хэмжээнд программ шаардана.


Харин програм бичдэг хүнийг программист гэх ба бүх л салбарт программ хэрэгтэй болоод байгаатай холбоотойгоор "хомсдолд" ороод буй мэргэжил юм. Бараг бүх газрын эрэлттэй мэргэжлийн жагсаалтад ороод буй энэхүү мэргэжил мэдээллийн технологийн ихэнх  мэргэжил рүү хөрвөх боломжтой. Магадгүй та эсвэл таны эргэн тойрны хэн нэгэн мэргэжилээ сонгох том сонголтын өмнө байгаа бол энэхүү мэргэжлийг сонирхохыг хүсье.

No comments