Анна Каренина зохиолын нууцууд

Share:

 Хэзээ бичигдсэн бэ?

Толстой 1873 оны эхээр Анна Каренина зохиолоо бичиж эхлэн, 1874 оны гуравдугаар сард хэвлэлд өгсөн боловч удалгүй больсон байна. Тэр үедээ хамаатны эгчдээ “Зохиолоо хэвлэхээ түр зогсоосон. Таалагдах ч үгүй байна. Хаямаар байна.” гэж бичиж байжээ. Харин Толстойд санхүүгийн туслалцаа хэрэгтэй байсан яг тэр мөчид  “Орос товхимол” сэтгүүл бичиж дуусгаагүй байгаа зохиолд нь 20000 рублийн урьдчилгаа төлбөр санал болгожээ. 1875 оны нэгдүгээр сараас их зохиолч маань Анна Каренина зохиолоо дуусгах хүнд ажлын ард ахин сууж эхэлжээ. Улмаар 1877 оны хавар утга зохиолын ноён оргил болох агуу зохиол маань эцсийн байдлаар дууссан байна.

Лев Толстой, 1877 он.

Зохиолын тухай

1870 оны тухайн үеийн Оросын дээд язгуурт хүмүүсээс эхлээд энгийн ард иргэдийн амьдралыг харуулсан юм. Санкт-Петербург хотоос – Москва чиглэлийн галт тэрэг өртөөндөө ирж Анна Каренина бүсгүй Алексей Вронский залуутай уулзсанаар зохиол эхлэх юм. Уг романд Анна, түүний ахын эхнэр Долли, мөн Кити хэмээх дээд язгуурт охин гэсэн ийм гурван эмэгтэйн амьдрал, сонголтыг гурван өөр өнцгөөс харуулсан хэдий хэнийх нь чухам зөв бол? Сэтгүүлч, урлаг судлаач Юрий Сапрыкин “Толстой энэ зохиолын дүрүүдийн сэтгэл зүй, дотоод тэмцлийг тэдгээр дүрээс илүү сайн ойлгож бичсэн байх” гэж хэлжээ. Аз жаргалтай байгаа байдал нь ижил чанартай хэдий ч гунигтай, баяр хөөргүй, зовлонтой байгаа нь өөр, өөр гэр бүлийн аж амьдрал. Хайрын төлөө гэр бүлээ орхиж буй эмэгтэй. Хүмүүсээс хайр, үнэнийг хайгч залуу. Достоевский “Анна Каренина бол уран зураг шиг бүтээл. Яг энэ цаг үед Европын ямар ч зохиол энэ романтай энэ тэнцэхгүй” хэмээн зоригтой хэлсэн байна.

Хэвлэгдэж гарсан түүх

Уг зохиол нь 1875 оноос “Орос товхимол” сэтгүүлийн дугааруудад гарч эхэлсэн ба 1877 онд Анна Каренина эмэгтэйн үхлээр дуусах долдугаар бүлгийг “үргэлжлэл бий” гэсэн төгсгөлтэйгээр хэвлэж гаргасан байна. Харин сэтгүүлийн редактор Михаил Катков үргэлжлүүлэхээс татгалзаж улмаар 1878 онд гурван боть ном болон хэвлэгдсэн түүхтэй юм байна.

 1875 – 1877 он хүртэл Анна Каренина зохиолыг 
хэвлүүлэн гаргасан “Орос товхимол” сэтгүүл

Зохиолыг уншигч олон хэрхэн хүлээн авсан бэ?

Хэвлэгдэж дуусангуутаа маш их алдартай болж, Оросын тухайн цаг үеийн зохиолч, яруу найрагчдийн сонирхлыг ихээр татсан байна. Тухайлбал, зохиолч Михаил Салтыков-Щедрин нь  Анна Каренина романыг “сунжирсан зохиол” гэсэн бол хөгжмийн зохиолч Чайковский “хэрэггүй зохиол” хэмээн үзэл бодлоо хэлж байжээ. Харин яруу найрагч Николай Некрасов “Толстой минь дээ, та ямар ч их авъяастай, тэвчээртэй зохиолч юм бэ дээ” гэж шагширч суусан байна.

Хорьдугаар зууны эхэн үеэс англи, франц гэх мэт хэлээр хэвлэгдэн Европ тивээр тархаж эхэлсэн ба англиар л гэхэд багадаа 24 хувилбараар орчуулагдан гарчээ.

Анна бүсгүйн санааг жинхэнэ эмэгтэйгээс авсан уу?

Яг үнэн бодит эх сурвалж байдаггүй хэдий ч Толстой Анна Каренина бүсгүйн зарим зан чанар, сэтгэлийн өгүүллийг орос хэлийг үндэслэгч гэгддэг, яруу найрагч Пушкиний охин Мария Гартунгаас авсан байх магадлалтай байна. Мөн Толстойн эргэн тойронд болж байсан үйл явдлууд ч зохиолд нөлөөлсөн байх магадлал ихтэй байна. "Софья Бахметева гэх эмэгтэй нөхрөөсөө салан өөр нэгэн зохиолч Алексей Толстойтой гэрлэхээр явсан. Харин Толстойн хөрш эмэгтэй нөхөртөө уурлан галт тэрэгний доогуур орон нас барсан үйл явдал болж Толстой өөрөө очин хуваагдсан биеийг нь харж байсан." гэх мэтчилэн үйл явдлууд уг зохиолын үндэс болж өгсөн болов уу гэж урлаг судлаачид таамагладаг байна.

Хүмүүс бид зовохоор бүтээгдсэн. Үүнийгээ ч мэддэг болохоор өөрсдийгөө хуурах аргыг л хайсаар байдаг.


Галт тэрэг энэ зохиолд ямар үүрэгтэй вэ?

Арван есдүгээр зуун. Галт тэрэг. Хөгжил дэвшил. Галт тэрэг бол энэ зохиолын хоёр дэлхий болох Москва, Санкт-Петербург хотуудыг холбосон гүүр. Хоёр амьдралын, ойлгомжгүй харилцааны, үхэл амьдралын гэж нэрлэж болно. Анна Каренина. Алексей Вронский нарын учрал галт тэрэгний буудал дээр, нэгэн золгүй эмэгтэйн үхлээр эхэлдэг шүү дээ. Галт тэрэг бол тэдний хайр, учрал, хагацлын илэрхийлэл. Яг л хувь заяаны мөнхийн галт тэрэг гэлтэй.

Анна Каренина зохиолын зураглал,1975 он.

Зохиол яагаад Аннагийн үхлийн дараа үргэлжилсээр байдаг вэ?

Оросын утга зохиол судлаач Борис Эйхенбаум “Зохиол төгсгөл рүүгээ ойртох тусам хүндийн төвөө алдаж байна. Анна Каренина амиа хорлохын өмнөх хэсэгт зохиолын төв цэг нь Левин руу шилжиж эхэлдэг” хэмээн их оновчтой анзааран хэлжээ. Мөн “Сүүл хэсэгтээ зохиол Левиний намтар шиг болсон. Өөрөөр хэлбэл зохиолчийн өдрийн тэмдэглэл шиг” гэж хэлжээ. Энэ хэсэгт Толстойд өөртэйгөө ярилцан зовлонт асуултууддаа хариулт авах шаардлагатай болсон байна. Судлаачид зохиолын төгсгөлийг “Дайн ба энх” романтай төстэй болсон гэж үздэг ч тохиолдол байдаг байна.

Гэр бүл бол бүтэх бүтэхгүйн дэнсэн дээр орших сугалаа биш, харин үр дүн нь тодорхой бус бие бие рүүгээ тэмүүлж буй уулзалт.

Анна Каренина болон Бовари хатагтай зохиолууд хэрхэн холбогдсон бэ?

Францийн зохиолч Гюстав 1856 онд Бовари хатагтай зохиолоо бичсэн байна. Харин Толстой 1857 оны хавар, нэг сарын турш Парист амьдарсан ба Флобертой ойр дотно байдаг Тургеневтэй ихэнх цагаа өнгөрүүлэн их ярилцсан байна. Каренина, Бовари хатагтай нарт хайр, гэр бүлээс гадуурх харилцаа, амиа хорлолт гэх мэт ижил зүйлс өгүүлэгддэг. Орос, Америкийн зохиолч, Лолита зохиолоороо алдаршсан Владимир Набоков “Флобер зохиолдоо Эмма хатагтайн эргэн тойрныг илүү хүүрнэсэн бол Толстойн хувьд Аннагийн мэдрэмж л хамгийн чухал. Бовари хатагтай бүтээл хөгжмийн ая шиг. Тэрээр дэлхийн шилдэг хөгжимлөг, шүлэгчилсэн зохиолуудын нэг. Харин Толстойн зохиол илүү хүчтэй, мэдрэмж  өндөртэй бүтээл болсон.” 


Эх сурвалж:

  • "Полка" төсөл: https://polka.academy/articles/505

No comments